Тахлын дараах улс төр, засаглалын ертөнцийн өөрчлөлт

Боливи сонгуулиа хойшлуулж, Гвиней сөрөг хүчнээ сонгуулийн сурталчилгаа хийх боломжгүйд хүргэж, Хятад, Орос дэвшилтэт технологи ашиглаж олон нийтийг бүхэлд нь хянах боллоо. Камбожийн онцгой байдлын шинэ хуулиар ч бас төр нь иргэдийнхээ хувийн нууц руу халдах бүрэн эрхтэй болоотохлоо. Хэцүү өвчний үед юун хувийн мэдээлэл, олны тусын тулд таны эрх яаж ч хөндөгдөж болно гэж хөмсгөө зангидаад л боллоо. Шуудхан хэлэхэд хүч бяраа гайхуулахыг хүсэгчид нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө гэсэн хүнлэг, гоё тайлбартайгаар өмнө нь ашиглаж яваагүй хүчний аргуудыг олноор нь хэрэглэж эхэллээ. Хамгийн либерал Засгийн газрууд хүртэл том цугларалтууд халдварын эх үндэс гэх шалтгаанаар олныг хамарсан үйл ажиллагаанд хориг тавьсаар байна. Дэлхийг нөмөрсөн КОВИД-19 цар тахал улс орнуудын эрх баригчдад тусгай хууль гаргах боломж олгож байгаагийн сөрөг тал нь энэ. Засгийн газруудад хуулиас давсан эрх олгох шийдэлд хүргэж буй иймэрхүү жишээ цөөнгүй сонсогдох болсныг “Экономист” саявтар онцолжээ.
Ер нь хүн гэдэг амьтан дайны үед хүлцэнгүй, аймхай болчихдог. Дийлдэшгүй хүчний өмнө толгой гудайж номхон даруу аж төрсөн он цагууд хүн төрөлхтний түүхэнд өчнөөн бий. Цар тахал дайнаас ялгаагүй эд. Шинэ коронавирусийн айдас дор номхон даруу, хүлцэнгүй болж, чих нь зөөлөрсөн иргэдийнхээ сэтгэл зүйг ашиглаж нөлөөллөө тэлэх, дарангуйллаа баталгаажуулах шийдвэрүүд гарсаар байгааг баталсан бас нэг жишээ хэлье. Хонгконгийн ардчиллын төлөө тэмцсээр ирсэн соёлыг цаг үргэлжид дарангуйлах хүсэлтэй явсаар өнөөг хүрсэн Хятадын эрх баригчид Хонгконгийн Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийг энэ цаг үед хамаарахгүй гэчихлээ. Хонгконгод Хятадын Засгийн газрыг төлөөлдөг оффисын энэ сарын 17-нд илэрхийлсэн энэ байр суурь дэлхийн хэвлэлийнхний анхааралд оров. Тэд энэ үйл явдлыг “Ши Жиньпин барьцаа ахиуллаа” хэмээн хардангуй дүгнэж байна. Хонгконгийн Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд Хятадын Засгийн газрыг дотоод асуудалд нь оролцохыг хориглосон байдаг. Товчхондоо удирдагчид цар тахлаар халхавч хийн дор бүрнээ барьцаа ахиулах арга хэмжээ авч байна.
Цар тахлыг эсэн мэнд, хохирол багатай давахын тулд гэсэн тодотгол дор 84 улс гүйцэтгэх засаглалдаа нэмэлт эрх мэдэл олгосон хууль баталжээ. Өмнөд Солонгос, Норвеги шиг зохих хяналтын тогтолцоотой ардчилсан орнуудын хувьд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахгүй байх хүрээ заагаа мэдэрч, тахлын үеийн хуулийг тодорхой хугацаатай баталж яваа бол манайх шиг ардчиллын үндэс нь бэхжээгүй, институцийн хяналт сул газруудын хувьд байдал түгшихээр хэмжээнд хүрснийг учир мэдэх улс сануулаад эхэллээ. Дэлхийн банкны сүүлийн үеийн нэг судалгаанд их хэмжээний тусламж авсан буурай улс орнуудаас оффшор бүс рүү хийсэн гүйлгээний урсгал нэмэгдсэн гэж онцолсон харагдана.
Өөрөөр хэлбэл бидэнд өмнөхөөс илүү өндөр хяналт хэрэгтэй цаг ирсэн гэсэн үг. Тахлаар далимдуулж эрхэнд нь халдаж буй салбарын нэг бол хэвлэл мэдээлэл. Яг өдийд хүний эрхийн төлөө тэмцэгчид, сэтгүүлчид улс орнуудын удирдагчдын зохиосон шинэ хууль, дүрмийн дагуу “хөл хоригдчихсон” байгаа. Цар тахалтай тэмцэх зорилгоор зарцуулсөн хөрөнгө мөнгөний бодит дүн хэчнээнээр хэмжигдэх бол, хэн нэг эрх мэдэлтний халаасанд орсон нь хэд вэ гэх мэт асуултын хариуг хайх сонирхол, хүсэлтэй хүмүүс “хөл хорионд” суугаа нь санаа зовохоос аргагүй өнцөг.
Хамгийн эмзэглэмээр нь сэтгүүлчид, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг хүртэл цагдсан дэлхийн шинэ дэг журам нууц цагдаа, хүчний байгууллага болон хэвлэл мэдээллийн пропагандад үйлчлэхгүй байгаа. Бас нэг жишээ хэлье. Эрх баригчид Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл боловсруулсан суугаа. Улс орнуудын нэг адил тахлын үеийн хууль батлах нь тийм гайхмаар зүйл биш.
Гэхдээ сураг чимээ сонсох нь оо шүүгч прокурорыг 24 цагаар ажиллуулах журмыг баталж хэрэгжүүлэх гэсэн заалт багтсан гэх мэдээ дуулдсан. Үнэхээр ийм заалт багтсан бол тахлыг хохирол багатай давах гэсэн чин санаа, эрүүл хандлага лав биш. Эмч, онцгой байгууллагынхныг 24 цагаар ажиллуулах журам батална гэвэл өөр хэрэг, шүүх прокурорыг 24 цагаар ажиллуулна гэсэн заалтын ард юу нуугдаж байгаа бол? Хардаж, сэрдэхээр л өнцөг. Ингээд харахаар чоно борооноор гэдэг шиг хандлага тахлын үеэр гарах вий гэж дор бүрнээ сэрэмжилж суухад буруудахгүй л болов уу. Гэхдээ ганц л үнэн бий. Дарангуйлагчид барьцаа ахиулж болно. Дарангуйлал нь хэсэг зуур үйлчлэх байх. Гэвч цаг хугацаа өнгөрөх хэрээр булхай нь илэрч, тэр хэрээр тэмцэл, эсэргүүцэл газар авч, удирдагчдын зохиосон дэглэм унах нь жамын үзэгдэл. Дэлхийн түүхэнд ийм жишээ олон бий.